Г.Алтанзаяа: Далд эдийн засаг буурахгүй байгаа нь нийгмийн гажуудалтай холбоотой Хэвлэх
Бичсэн D.Bolor   
2013 оны 5-р сарын 06, Даваа гариг, 09:55

altТатварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, МУИС-ийн ХС-ийн тэнхмийн эрхлэгч, нягтлан бодогч, эдийн засагч Доктор, профессор Г.Алтанзаяатай далд эдийн засгийг хумихад татварын бодлого, хууль ямар үүрэгтэй талаар болон мэргэшсэн зөвлөхийн хуулийн ач холбогдлын талаар ярилцлаа.

Далд эдийн засгийг багасгахын тулд татварын бодлогыг хэрхэн уялдуулж, зохицуулах ёстой вэ?

Татварын бодлого угаасаа улс орны өөрийнх нь дотоод бодлого. Далд эдийн засаг үүсэх шалтгааныг судлаачид татварын дарамттай холбож үздэг.

Тэгэхээр түүнийг бууруулах асуудал татвараас зайлсхийх боломж, сувгыг хаах зөв удирдлага, механизм бүхий бодлогыг хэрэгжүүлэхэд л оршино доо. Далд эдийн засгийг бууруулах алхам бодлогоо яаж тодорхойлохоос л хамаарна. Судлаач хүний зүгээс хэлэхэд далд эдийн засаг буурахгүй байгаа нь бодлогын гажуудал нийгмийг хамраад байгаа асуудал.

Гажуудал гэдэг нь татварын бодлогод олон хуулиудын уялдааг хангах, үүргээ тэгшээр хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, түүнийг хянах механизмын л асуудал. Өөрөөр хэлбэл нэг нь төлөөд л байдаг, гэтэл нөгөө хэсэг нь төлөхгүй болоод л байдаг, хариуцлага хүлээдэггүй тогтолцоо. Харин татварын хуулиар бол ногдох зүйлийг олсон, эзэмшиж буй бол бүгд татвар төлөх үүрэгтэй. Ямар ч хууль батлагдсаныхаа дараа шууд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал үүсдэг. Гол нь хэрэгжүүлэх механизмууд нь зөв байж гэмээнэ далд эдийн засгийг хянах, түүнийг илрүүлэх ажил руу орох ёстой.

-Тэр механизмыг сайжруулахын тулд яаж зохицуулах вэ. Манай хянах механизм нь өөрөө нэг л дутагдалтай байх шиг байгаа юм?

Ер нь татварын хуулиудад засвар оруулж байнга өөрчилж байдаг, одоо ч шинэчлэл яригдаж байна. Саяхан батлагдсан татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль ч үүнд шууд хамааралтай. Энэ хуулиар татвар төлөх үүргээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалахаас гадна татвараа хураах үйл ажиллагааг хянах төрийн нэг механизм бүрдсэн гэж болно. Татварын хуулийн 18.1.1-ийн заалтаар татвар төлөгч нь үнэн зөв тодорхойлж, төлөх, тайлагнах ёстой. Үнэн тайлагнаж байгааг татварын алба хянах үүрэгтэй ч хүчин чадал нь хүрэлцэх боломжгүй. Тиймээс татварын алба тодорхой хүрч чадах хүрээндээ л хяналт хийж хариуцлага тооцдог.

Үнэн зөв тайлангийн нөгөө талд “Х” тайлан, алдагдалтай тайлангийн хүрээ өргөжөөд байгаа. Энэ хүрээ яагаад өргөжөөд байгаа нь хүлээн авсан тайлан бүрээ үнэн зөв биш гэдгийг тогтоох механизм үгүй болохыг л илтгэнэ.

Татварын мэргэшсэн зөвлөхийн тогтолцоогоор төр татварын тайланг эрх бүхий мэргэжилтэнгийн туслалцаатайгаар хянах буюу хуулийн хэрэгжилтийг хангах болно. Өөрөөр хэлбэл татварын харилцаа зөвхөн төр, татвар төлөгчийн бус тэдний дунд гүүр болсон мэргэжилтний туслалцаатай гурвалсан харилцаанд явагдана. Татварын мэргэшсэн зөвлөх бол төрөөс итгэмжлэл хүлээсэн, хариуцлага хүлээх субъет юм. Татварын алба бүрэн хэмжээгээр энэ хүчийг ашиглах л хэрэгтэй юм даа.

-Татварын мэргэшсэн зөвлөхийн хуулийг ямартай ч баталсан байгаа. Журам нь гүйцэд гараагүй. Ер нь энэ хууль далд эдийн засгийг бууруулахад ямар үр нөлөө үзүүлэх вэ?

Хуулийн гол зүйл нь татвараа өөрөө төлдөг тогтолцоонд зөвлөхийн туслалцаа авах явдлыг зохицуулна. Зөвлөхийн туслалцаа авна гэдэг нь цаанаа ёс зүйн үүрэг хүлээсэн эрх бүхий мэргэжилтний тулалцаатайгаар татварын тооцоо, тайланг гаргана гэсэн үг. Нэг үгээр хэлэхэд татвар төлөгчийн татвар төлөх үүргээ хэрэгжүүлж буй гэдэг нь хариуцлага тооцох эзэнтэй болж байгаа юм. Өнөөдөр санхүү болон татварын тайланг дурын хэн ч гаргадаг, курсээр төгссөн гэх нягтлан бодогч гэсэн хүмүүс, тэр ч байтугай хуулиар хориотой байтал татварын байцаагч нар ч гаргадаг. Эргээд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Энэ байдлыг засахад туслах хуультай боллоо.

-Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудтай адилхан гэсэн үг үү?

Ер нь түүний нэг хэлбэр. Гэхдээ зөвлөхийн үйлчилгээг хувь хүн хэрэгжүүлэхгүй. Таван итгэмжлэгдсэн нягтлан бодогчид юм уу, итгэмжлэгдсэн татварын эрх зүйч нар хуулийн этгээд үүсгээд үйл ажиллагаа явуулна. Хуулинд татварын итгэмжлэгдсэн үйл ажиллагаа гээд нилээд хэдэн заалт байгаа. Тэр үүргийнхээ дагуу л ажлаа гүйцэтгэнэ. Энэ бол нэг ёсондоо механизм гэсэн үг.

-Зөвлөхүүдийн хэн хянах вэ. Зөвлөхүүдийн үйлчилгээг авсанаар бизнес эрхлэгч татвар, аудитын газрын дарамтнаас салах боломжтой гэсэн үг үү?

Татварын албаны хяналт шалгалтаар л алдаатай, буруу илэрхийлэгдсэн тайланг тогтоохгүй бол өөрөөр тогтоох боломжгүй байгаа. Тийм учраас аль болохоор бага татвар төлөх, төлөхгүй байх боломж руу хүрээ хязгаар тэлэхэд нээлттэй юм.

Тухайн байгууллагын татварын тайлан дээр алдаа дутагдал илэрлээ гэхэд татварын албанаас акт тавигдана. Акт тавигдсан алдаа нь хэний буруу вэ гэсэн асуудал үүснэ. Зөвлөхийн буруу бол зөвлөх хариуцлага хүлээнэ. Мэргэшсэн зөвлөхийн гол шаардлага нь мэргэжлийн ёс зүй. Хуурамч тайлан баланс гаргахгүй, татварын хуулийг зөрчих зөвөлгөө өгөхгүй, хуулийн хүрээнд ажиллана гэх мэт. Хэрвээ компани зөвлөхийн үйлчилгээг авах бол хуурамч тоо, мэдээлэл өгөхгүй, гаргаж өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцах үүрэгтэй. Татварын аливаа асуудалд өөрийгөө төлөөллүүлэх мэргэжлийн хүнтэй болж, өөрийн хууль хэрэгжүүлэх үүргийнхээ эрсдлийг хамгаалах юм.

Бизнесмен хүн татварын албанд тайлан бариад л гүйгээд явах боломжгүй. Тайлан гаргах гээд татварын хуулийг судлаад байхын оронд бизнесээ өргөжүүлээд явах нь тэр хүнд ашигтай. Харин энэ үүргээ татварын мэргэшсэн нягтлан бодогчид хариуцуулаад гэрээ байгуулна.

Энэ хууль 2013 оны 1 сарын 28-наас хэрэгжиж эхэлсэн. Харин одоо дагаж мөрдөх журам нь боловсруулагдаж байна.

-Татварын мэргэшсэн зөвлөх хичнээн хүмүүс байна вэ?

Ер нь өөрийгөө татварын зөвлөх гэсэн хүмүүс их олон байгаа гадуур. Манай нийгэмлэг 2005 оноос хойш татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдыг бэлдэж, сургалтад хамруулсаар ирсэн. Үндсэндээ 700-гаад хүн шалгалтад тэнцэж, мэргэшсэн зөвлөхийн эрх авсан байгаа.

-Танай нийгэмлэгийн зүгээс хууль санаачлан, боловсруулахад их идэвхтэй оролцсон. Ажлын хэсэгт байсан хүний хувьд ажил одоо ямар шатандаа байгаа талаарх мэдээллийг өгөөч?

Одоогийн байдлаар хуучин эрх олгосон гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, сургалтад хамруулж байна. Мөн эрх олгох, сунгах сургалт, шалгалтыг авахаар бэлтгэж байгаа. Бид сангийн яамнаас зохих журам гарахыг хүлээж байна. Ерөнхийдөө хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна.

-Санхүү бүртгэл, тайлан тооцоогоо үнэн зөв мэдээллэх нь компаний нийгмийн хариуцлага гэж нэг талаар ойлгодог. Гэтэл тайлангаа худлаа мэдүүлж, татвараас зугатах нь хариуцлагагүй гэдгийг харуул байгаа хэрэг. Тийм үү?

Ихэнхдээ татварыг хууль талаас нь харж, бодлого нь төсөв бүрдүүлэхэд чиглэж ирсэн. Гэтэл үнэндээ татвар бол иргэний үндсэн үүрэг гээд үндсэн хуульдаа заасан байгаа. Энэ нь татвар бүх нийтийн хэрэг буюу нийгмийн асуудал болохыг илтгэх бөгөөд зайлшгүй төлөх нь үүрэг гэдэг нийгмийн сэтгэл зүйг төрүүлэх нь далд эдийн засгийг бууруулах нэг гарц юм шүү. Яах аргагүй нийгмийн хариуцлага л даа. Ер нь нийгмийн харилцаанд оролцож байж л орлого олж, аливаа үйл ажиллагаанд оролцох эрхтэй болно. Тэгэхээр татвар төлнө гэдэг нийгмийн үр өгөөжийг хүртсэн тул 10%-ийг нь буцаагаад төсөвт төл л гэсэн үг юм. Хэрэв хэрэглэгч үгүй бол ямар ч бизнест орлого орж ирэхгүй биз дээ.

Гэтэл нөгөө талд татвар төлөгч нь аль болохоор төлөхгүй байх, бага төлөх сонирхолтой байх буюу хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдах гээд зүтгэнэ. Тэгэхээр татварыг иргэний үүрэг талаас нь бодлогод хандах хэрэгтэй. Би өнөөдөр татвар төлснөөрөө нийгмийн тэгш харилцааг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй оролцож байна гэдгээ ойлгох нь чухал.

-Манай улс орон хамгийн бага татварын орчинтой. Гэтэл яагаад “Х” тайлан, санхүүгийн хоёр бүртгэл улам лавшраад байгаа юм бол?

Нэгдүгээрт татвар төлөх нийгмийн сэтгэлгээ, иргэний үүргийн ойлголт их дутмаг. Хоёрдугаарт манай хуулийн өөрийнх нь дотоод зөрчил, хуулийн боловсруулалт их учир дутагдалтай.

Тухайлбал: Хувь хүний орлогын албан татварын хууль гэж бий. Энэ хуулиар иргэн орлогоо мэдүүлж, татвараа төлөх ёстой. Харин ингэсэн тохиолдолд нийгмээс буюу төрөөс хүртэх юмаа хүртэх нь зүй ёсны хэрэг. Эргээд хүртэх үр өгөөж сайн байх ёстой.

Гэтэл хувь хүний орлогын албан татварын хуульд хувь хүн хөнгөлөлт, чөлөөлөлтийг орон сууц, сургалтын төлбөр гэдэг тохиолдлуудад хэрэглэхээр хандаж байна. Энэ нь цөөхөн хүнд хүртэх тул тайлан гаргагч нь нийтийг хамарч чадахгүй. Хүмүүс нь хуулиар тайлагнах үүрэгтэй ч тайлагнадаггүй. Тайлангийн системийг хэрэгжүүлэх нэг механизм бол буцаан олголт юм.

Манай хуулиар жилд 84’000 төгрөгний хөнгөлөлт эдлэнэ. Одоогийн байдлаар энэ хөнгөлөлтийг сар бүрийн цалин дээрээс нь хөнгөлөхөөр заасан. Ийм хөнгөлөлтийн төлөө иргэн тайлан өгнө гэхээр ач холбогдолгүй. Тэгэхээр орон сууц худалдаж авсан хүн л тайлагнахаас биш бусад хүмүүс тайлагнах зайлшгүй нөхцөл үгүй. Энэ нь Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын хуультай ч \ ОТБТБАҮЭИОАТ\ холбоотой. Хувь хүний орлогын албан татварын \ХХОАТ\ хуулиар татвар ногдуулах тодорхой хэсэг нь энэ хуультай давхацдаг.

Тухайлбал: ХХОАТ-ын хуулиар Бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн гэх мэт үйл ажиллагааны орлогоо тайлагнаж татвараа төлөхөөр заасан. Гэтэл нөгөө хуульд болохоор сардаа 4000 ч юм уу, бага хэмжээний тогтмол татвар төлөхөөр байгаа. Энэ тохиолдолд аль багыг нь сонгоно шүү дээ. Татвараас зайлсхийж байгааг илрүүлэх, хариуцлага хүлээлгэх механизм үгүй үед 2 тайлан гаргах, Х тайлан гаргах асуудлыг цэгцэлж чадахгүй л дээ. Ер нь татвар хураах 2 арга бий. Үүргийн, албадлагын гэсэн. Үүргээ хэрэгжүүлэхгүй бол төр албадлагаа хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ заавал албадлагаар биш, ер нь үүргээ үнэн зөвөөр хэрэгжүүлэх нь нийгмийн ач холбогдолтой гэсэн зайлшгүй хэрэгжих механизмаар хангах хэрэгтэй юм. Тэгэхгүй бол хамгийн багаар төлөх байсан ч би төлөх ёстой гэж хандах нь юу л бол.

-Татвар буцаан олгох механизм сайтай байх нь иргэд болоод улсад ашигтай. Гэтэл дээрх хуулинд иргэдийн сонирхлыг төрүүлж, өдөөх зүйл нь дутагдалтай байгааг хэрхэн өөрчлөх вэ?

Тийм ээ. Энэ маш чухал. ХХОАТ-ын тухай хууль, ОТБТБАҮЭИОАТ-ын энэ байдлыг өөрчлөхийн тулд иргэнийх нь үүрэгтэй холбоод хуулийг концепцийнх нь хувьд өөрчлөх шаардлагатай. Мэдээж хэрэг татвараа тайлагнахаас илүү, тогтмол татварыг нь төлөөд явах нь дээр шүү дээ. Татвар өөрөө иргэний үүрэг л юм бол ямар орлого олсон гэдгээ тайлагнах нь зах зээлийн нийгмийн л харилцаа. Цаашлаад нийгмийн халамж, орлого, хөрөнгийн мэдүүлэгтэй ч нийцүүлэх боломжтой, ийм практик ч хөгжилтэй орнуудад дуулддаг.

-Орлого тодорхойлох боломжгүй гээд тогтмол татвар авдаг. Жишээ нь лангуу ажиллуулж, бараа зардаг хүмүүс байна. Тэд гэхдээ сарын 3000 төгрөг өгөхөөсөө ч цааргалдаг?

Энэ чинь нөгөө л нийгмийн сэтгэлгээний асуудал. Хичнээн сайн хууль байсан ч хэрэгжүүлэх механизмыг нь хийж өгөхгүй л бол төлөхгүй л гэж үздгийн жишээ.

-Буцаан олголтыг сайжруулахын тулд ямар бодлого барих ёстой вэ?

Скандиновын орнууд их сайн хэрэгжүүлдэг тухай манайхан жишээ авдаг даа. Орлогынхоо 20, 30, 40 хувийг ч татвартаа өгдөг тэдгээд буцаан олголт авдаг. Яг энэ бол миний механизм гэж яриад байгаа гол тулгуур.

Гадны улсууд /tax return/ татварын тайлагналын үеээ татварын буцаалтын агуулгаар ярьдаг. Жишээлбэл: манай хуульд байгаа 84000 төгрөгийг тайлагнаад буцааж аваар байвал хүссэн хүсээгүй л тайлагнах асуудал гарна.

Үүний зэрэгцээ иргэний татвар төлөх үүргийг нийгмээс хүртэх халамжийн бодлоготой нь холбоод өгөх нь хуулиа хэрэгжүүлнэ л гэсэн үг. Сар бүр нэг хүүхдэд 20,000 төгрөг бэлнээр өгөхийн оронд жилийн эцэст тодорхой хэмжээний хүүхдийн халамжийн хөнгөлөлт эдэлнэ гэдэг байдлаар тусгах нь иргэн үүргээ хэрэгжүүлэх нэг механизм болно.

Буцаан олгох, хөнгөлөлтийн механизмыг сайжруулсанаар цаанаа хөдөлмөр эрхлэлт, иргэний нийгмийн үүрэг, энэ бүх төрийн үйлчилгээг холбож өгөх ач холбогдолтой.

-Гэтэл манайх бол тус тусдаа. Татварын хууль, халамжийн хууль гээд тусдаа байдаг?

Халамж гэхээр авах гээд зүтгэдэг, татвар төл гэхээр төлөхгүй гэдэг. Ийм л сэтгэлгээг бий болгоод байна. Тусдаа байж болно л доо. Яаж төр, иргэндээ хүндрэлгүй, эргээд үр өгөөжтэй байх уу гэсэн бодлогыг л цогцоор нь авч үзвэл зүгээр байна.

-Хувь хүний орлогын албан татвараа төлж, тайлагнахгүйгээр яваад байхад ямар хохирол, эрсдэл учрах вэ?

Орлогоо тайлагнахгүйгээр, орлого тодорхойлох боломжгүй гээд тогтмол багахан хэмжээний татвар төлөөд байж болно л доо, манай улсын хуулиар бол.

Тогтмол татвар төлчихөөд бизнесийн үйл ажиллагаа явуулна. Орлогоо тодорхойлоод банкнаас зээл авах гэхээр баримт, нотолгоо байдаггүй жишээ бий. Гэтэл нотолгоо болох зүйл нь татварын тайлан юм шүү дээ.

Тэр нотолгоо байхгүй байна гэдэг нь таныг ямар хэмжээний үр өгөөжтэй үйл ажиллагаа эрхэлдгийг мэдэх боломжгүй гэсэн үг. Надад нэг хүн өөрт тохиолдсон жишээгээ ярьж байсан. Тэр хүн өөрөө хувиараа бизнес эрхлээд нилээд их орлого олчихдог байж. Тэгээд хүүхдээ гадаадад явуулж, сургах гээд элчинд мэдээллээ өгтөл санхүүгийн эх үүсвэр шаарджээ. Гэтэл татварт орлогоо тайлагнадаггүй байсан болохоор орлогоо баталж чадаагүй. Энэ мэтчилэн олон хүнд тохиолдсон байж болох юм.

Хүн л болсон хойно бизнес хийгээд л явах биш, үр хүүхдээ гадаадад явуулья, өрөө бас карьераа өсгөе гэж бодно. Гэтэл ийм асуудал тулаад ирэхээр олон улсын тогтолцоонд та нийгэмд хэр зэрэг хариуцлагатай хүн бэ гэдгээ батлах хэрэгтэй болно. Энэ үед татвараа хэрхэн төлж, тайлагнадаг эсэх чинь чухал болно.

-Татварын өршөөлийн хууль бас хэрэгжиж байсан. Санхүүгийн өршөөлийн хууль гэдгээр нь гаргавал ямар байх бол?

Өршөөлийн хууль гэдэг маань ер нь олон нийтийг төрийн бодлогоор татварын дарамтанд оруулчихсан хүнд үед л хэрэгжүүлдэг механизм.

Гэхдээ одоогийн байдлаар манай орны хувьд хамгийн бага татвартай орон гэж бахархдаг, тэгэхээр татвар төлөгчийг үнэхээр дарамтанд оруулчихсан сөрөг зүйл хир байгаа бол. Өршөөлийг олон дахин хэрэгжүүлсэнээр татвар төлөх нийгмийн сэтгэлгээг бүр сөрөг болгож, сөрөг нөлөө үзүүлнэ.

Энэ чинь цаашаа зугатах, зайлах, татвар төлөхгүй байх гэсэн арга замын эрэлхийлэл.

Миний уншиж судалсан зүйлээс өршөөлийн хуулийг хэрэглэсэн улс орнууд үндсэндээ сөрөг үр дагавар нь илүүтэй давамгайлж байсан гэснийг санаж байна.

Ярилцсанд баярлалаа.

эх сурвалж : http://vip76.mn

Түгээх